“ШИНЭ ХАРХОРУМ” ХОТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ҮНДЭСНИЙ ХОРОО ХУРАЛДЛАА

Эх сурвалж: Барилга, хот байгуулалтын яам. 2023.10.25







Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнгээр ахлуулсан “ШИНЭ ХАРХОРУМ” хотын Үндэсний хорооны ээлжит хуралдаан өнөөдөр /2023.10.25/-ны өдөр боллоо. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.


✅ “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаанаас хэрэгжүүлсэн ажлын явц,


✅ Орхоны хөндийд шинэ хотын суурьшлын бүсийн байршлыг судлан сонгох, шинэ хот байгуулахад шаардлагатай техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын магадлалын ерөнхий дүгнэлт,


✅ “Шинэ Хархорум” хотыг байгуулах байршлыг сонгох судалгааны талбайд хийгдсэн гидрогеологийн хайгуул судалгааны ажил,


✅“Шинэ Хархорум” хотын мэдээлэл, харилцаа холбоо сүлжээний төлөвлөлт.


Үндэсний хорооны хуралдааны төгсгөлд Барилга, хот байгуулалтын сайд хэлэлцсэн асуудлууд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд дараах үүрэг чиглэлийг өгч, холбогдох албан тушаалтнуудад даалгав. Үүнд:


📍 Үндэсний хорооны гишүүдийн олонхийн саналаар "Шинэ Хархорум" хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны байрны логоны дизайныг хэлэлцэн зөвшөөрч, батлахаар тогтов.


📍 “Шинэ Хархорум” хот байгуулах газрыг Улсын тусгай хэрэгцээнд авах ажлын хүрээнд Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт ирүүлэхийг тус аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмидад даалгав.


📍 Газрыг Улсын тусгай хэрэгцээнд авах дүгнэлт, Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Барилга, хот байгуулалтын яамны Хөгжлийн бодлого, газрын харилцаа, хот байгуулалтын газрын дарга Э.Батболд, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай нарт даалгав.


📍 “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын хүрээнд хийгдэх судалгаа, техник эдийн засгийн үндэслэл, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төсөл, барилга байгууламжийн зураг төсөлд гэрээний үндсэн дээр захиалагчийн хяналт хийх ажлыг “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаагаар гүйцэтгүүлэх, арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын яамны Хөгжлийн бодлого, газрын харилцаа, хот байгуулалтын газрын дарга Э.Батболд, “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Н.Нацагдорж нарт даалгав.

30 тэрбумын ТЭЗҮ-тэй Шинэ Хархорум хотын төв цэгийг ирэх жил байгуулна

 Эх сурвалж: www.eguur.mn. Н.Анужин. 2023.10.25





Эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах зарлигийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн жил Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 111 жилийн ойн өдөр зарласан билээ. Улмаар энэ оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Орхоны хөндийд хот байгуулах тухай тогтоолын төслийг УИХ баталсан байдаг.


Тэгвэл ирэх жилийн улсын төсөвт Шинэ Хархорум хотыг байгуулах судалгаа, ТЭЗҮ, зураг төсөв боловсруулахад 30 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Уг хотын бүтээн байгуулах үндэсний хороог Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн ахалж байна. Үндэсний хорооны дэргэдэх Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааг Улаанбаатар хотын ерөнхий архитектор байсан Н.Нацагдорж даргалж байгаа ажээ.


Шинэ Хархорум хотын төсөлтэй холбоотой сонирхолтой зарим мэдээллийг хүргэе.


НЭГ. 189 мянган га-д 500 мянган хүн.


Шинэ Хархорум хотыг Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, 500 мянган хүн амьдрахад зориулж төлөвлөх ажээ.


ХОЁР. Зам талбайн 70 хувийг явган, дугуй, нийтийн тээвэрт зориулна.


Хархорум хотын замын байгууламжийн 70 хувийг нь явган болон дугуйгаар, нийтийн тээвэр зорчиход зориулах ажээ. Харин 30 хувийг нь автомашины хөдөлгөөнд зориулах юм байна.


ГУРАВ. Ерөнхийлөгчийн ордонг байгуулна.


Эл шинэ нийслэлийг төр захиргааны төв болно хэмээн тооцоолж байгаа ажээ. Ерөнхийлөгчийн ордон, Хархорум хотын захиргаа байгуулна. Засгийн газар болон яамдуудыг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлнэ. Олон улсын байгууллагууд, Элчин сайдын яамд, эрүүл мэндийн салбаррыг хөгжүүлэхээр төлөвлөжээ. Ингэхдээ Еөрнхийлөгчийн ордныг 60 га талбайд байгуулах юм байна. Тухайн ордон нь эзэнт гүрнийг төлөөлсөн дөрвөн хүндэтгэлийн танхим бүхий гурван давхар барилга байх ажээ. Тус ордныг Өндөр толгой гэх газарт байгуулахаар товлосон байна.


ДӨРӨВ. 25,780 га талбайнд төлөвлөлт хийнэ.


Шинэ Хархорум хотыг 25,780 га төлөвлөлтийн талбайтай ажээ. Харин Улаанбаатар хотын хувьд 9800 га талбайг хамардаг. Тэгэхээр шинэ хотын хувьд 2.6 дахин том талбайг хамарсан гэсэн үг.


ТАВ. Шинэ хотын нисэх буудлыг Мөнх хаан гэж нэрлэнэ.


Олон улсын зэрэглэлийн шинэ нисэх буудлыг Хархорум хотын төвөөс 50 км зайтай байгуулах ажээ. Ингэхдээ тус нисэх буудлыг Мөнх хаан гэж нэрлэх юм байна. Учир нь тус хааны үед Хархорум хот дэлхий дахинаа алдар суугаа түгээсэн хэмээж, ийн нэрлэхээр болжээ. Чингис хаан олон улсын нисэх буудал нийт зургаан гарцтай бол Мөнх хаан нисэх буудлыг 18 гарцтайгаар төлөвлөж байгаа аж.


ЗУРГАА. Хархорум хотын төв цэгийн хүндэтгэлийн байгууламжийг ирэх жил барина.


Шинэ Хархорум хотын судалгаа, ТЭЗҮ, ерөнхий төлөвлөлтийг хийж байгаа ажээ. Гэвчиг ирэх жил тус хотын төв цэг дэх хүндэтгэлийн байгууламжийг барьж эхлэх юм байна. БХБЯ-наас ТЭЗҮ, дэд бүтцийн ажлын зураг төсөл боловсруулах ажилд 64 тэрбум төгрөг шаардлагатай хэмээн үзжээ.